Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг. 22 дахь удаагийн шалгаруулалтаар НЬЮ ПРОГРЕСС ГРУППИЙН “АЛТАЙН ЗАМ” ХК Монгол Улсын ТОП-100 ААН-ээр тодорч, өргөмжлөлөө хүлээн авлаа.
“Алтайн зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбат “Манай компани Монгол орны баруун хязгаар Ховд аймагт авто зам, гүүрэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор 1935 онд байгуулагдсан түүхтэй. Бид өдгөө зам барилгын салбарт томоохон төслүүдийг гүйцэтгэн ажиллаж, эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Манай компани анх удаа ТОП-100 аж ахуйн нэгжээр энэ жил шалгарлаа, маш их баяртай байна. Нийт хамт олондоо баярлалаа гэж хэлье. Бид өнгөрсөн онд 1000 гаруй ажилтан, 250 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр олборлолт, зам барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Ингээд улсад нийт 14.5 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээнэ” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Цар тахлын хүндрэлтэй нөхцөл, олон улсын тогтворгүй харилцаа, геополитикийн нөлөө үргэлжилсээр байгаа ч 2022 онд “Алтайн зам” ХК нь ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, улс орны эдийн засагт ч түлхэц үзүүлэн ажиллажээ. Улмаар Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ТОП байгууллагаар шалгарсан байна.
ТОП-100 ААН-ийг МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран шалгаруулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн хэмжээ, ашиг гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
© 2024 он. Алтайн зам ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency